БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар

Шинэ мэдээ

Баннер
Баннер
Баннер
Баннер

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн газраас зарласан эссэ бичлэгийн уралдаанд шагналт байранд шалгарсан бүтээл

Хэвлэх

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн газраас зарласан БНСУ-д ажиллаж байгаад эх орондоо(Монголдоо) суурьшиж байгаа  гадаадын ажилчдын дунд хэрхэн ажил төрөл эрхлэн амжилтанд хүрсэн тухай сэдвээр эссэ, нийтлэл бичих уралдаанд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан бүтээлийг толилуулж байна.

 

 

Дэм Дэмэндээ

/эссэ/

 

/2005-2008 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол улсын иргэн Доржгочоогийн Мөнх-Эрдэнэ/

2000 оны эхэн үед БНСУ-д Монгол улсаас дадлагажигч ажилчин гаргаж байгаа тухай мэдээллийг олж аваад “Монгол Ньюс” ХХК дээр очиж бүртгүүлж, удалгүй БНСУ-д очиж ажиллаж амьдрах эхний боломж гарсан юм.

Хилийн чанадад гарч л байвал бүх зүйлс болчихдог гэсэн бусдын адил бодолтой байсан тэр нэгэн буруу бодлыг ар гэрийн маань байдал түр зогсоосон юм. Учир нь дөнгөж гуравхан настай охиноо орхиод сургуульд орсоных нь дараа ирнэ гэдэг надад их том асуудал байсан юм. Би өөрийнхөө анх сургуульд орсон, дүн авсан анхны өдөр, эцэг эхийн анхны хурал гэх мэт зүйлсийг одоо ч гэсэн сайн сайхан гэгээлгээр санаж явдаг маань нөлөөлсөн бизээ. Ингээд би БНСУ-ын “Хёндэй” автомашин үйлдвэрийн мянга орчим машинтай такси баазад менежерээр ажиллаж байгаад 2005 оны сүүл үеэр БНСУ-д гэрээт ажилчнаар явах гэж бүртгүүлсний хариу нааштайгаар гарч Инчоны олон улсын нисэх буудалд газардаж билээ.

2006 оны цагаан сараар Сөүлд байх гадаад ажилчдыг дэмжих төв дээр анх удаа очиж тус төвийн үйл ажиллагаатай танилцаад цаашид хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлсэн юм.

БНСУ-д ажиллаж сурч, амьдарч байгаа монголчуудын чөлөөт цагаа үр ашигтайгаар өнгөрөөж  улмаар гадаад ажилчдыг дэмжих төвийн үйл ажиллагаатай уялдаатай ажиллахаар тус төвийн даргад “ Солонгос дахь Монголчуудын холбоо” байгуулах хүсэлт тавьсан юм. Энэ хүсэлтийг маань хүлээн авч улмаар “Солонгос дахь Монголчуудын Холбоо”- г байнга дэмжиж байсан гадаад ажилчдыг дэмжих төвийн хамт олонд одоо ч талархаж явдаг.

“Солонгос дахь Монголчуудын холбоо” Солонгос дахь гадаад ажилчдыг дэмжих төвийн хамтын ажиллагаанаас монголд гадаад ажилчдыг дэмжих ийм байгууллага маш чухал хэрэгтэй бөгөөд ач тустайг энэ хамтын ажиллагаа надад мэдрүүлсэн юм. Олон нийтийн ажилд оролцохоос гадна эхний найман сар хүнсний үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд өглөө бүр шинэ хүнс хэрэглэгчдэд хүргэх шаардлага байдаг учир хагас сайн өдрөөс бусад бүх өдрүүдэд 16 цагаас ажил эхэлж дараа өдрийн үүрээр буюу 6-7 цагийн хооронд ажил дуусдаг байсан.

Би анх гэрээ хийсэн үндсэн цалингаа л авдаг байсан бөгөөд илүү цаг, шөнийн  цаг баярын үеэр ажилласан нэмэгдэл авдаггүй байснаа мэдээд үйлдвэрийн эзэнд хэлснээр яг наадмын үеэр ажлаасаа халагдаж  2 сарын дотор шинэ ажилд орох шаардлагатай болсноор миний солонгос дахь гэрээний ажилчны жинхэнэ амьдрал эхэлсэн гэж боддог юм.

Энэ 2 сарын хугацаанд түр ажил хийж байсан ч сэтгэл санаа тогтворгүй болж эхэлдэг учир хэл, газар, хүн сайн таниж мэдэхгүй байх нь хэцүү байдаг юм байна лээ.

Нэг хөдөлсөн чулуу 3 жил зовдог гэсэн монголчуудын хэлц үг байдаг шиг л байсаар нэг л мэдэхэд 4 дэх үйлдвэртээ ажиллаж байсан бөгөөд дахин үйлдвэрээ солих боломжгүй гэдгийг маань мэдэх эздийн хүсэлт, шахалтаар миний БНСУ дахь гэрээний ажилчны амьдрал дууссан юм. Эхний үйлдвэр  хууль зөрчсөн нь тогтоогдож би 1 жилийн дараа цалингийн зөрүүгээ шүүхээр бодуулж авч байсан цөөхөн монголчуудын нэг болж билээ.

Ингээд гэрээгээр 3 жил БНСУ –д ажиллахдаа монголд надтай хамт ажиллаж байсан БНАСАУ-ын иргэд, БНСУ-ын иргэдийн мөн чанар, соёл уламжлалын адил болон эрс ялгаатай талыг сайн мэдэж авч байлаа.

2008 оны 8 сард Монголдоо эргэн ирээд Дэлхийн энх тайвны байгууллагын зохион байгуулсан “Энхийн их наадам” –д арваад мянган хүүхэд оролцуулан гэрэл зураг авалтыг санаачлан амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ үйл ажиллагаанд оролцож байгаа гадаадын иргэд, монголчуудтай харьцах байдал, тэдний дасан зохицох хүндрэл ихтэйг мэдсэн бол монгол хүн монголдоо аль болох хурдан дасан зохицохын тулд олон нийтийг хамарсан аливаа ажилд идэвхтэй хамрагдах нь зөв юм гэдгийг орон нутгийн сонгуульд менежерээр ажиллаж байхдаа сайн ойлгож авсан юм.

2009 онд гэр бүлийн хүн маань Казакстан улс дахь НҮБ-ын сайн дурын байгууллагыг ахалж байсан учир нэг хэсэг Казакстан улсад амьдрахаар болж Астана хотод очиж миний хилийн чанад дахь шинэ хуудас, шинэ орчин эхэллээ.

1991 оноос эхлэн Казакстан улс казак үндэстнээ дэлхийн өнцөг булан бүрээс урьж татаж эхэлсэн бөгөөд НҮБ-аас 2008 оноос шилжин ирэгсдэд зориулсан томоохон хөтөлбөр хэрэгжүүлж байгааг харж зарим нэг үйл ажиллагаанд нь оролцож байлаа. НҮБ казак иргэдийг шилжүүлэн суурьшуулж байгаа энэ арга хэмжээг хүний эрх, улс орны эрх ашигт оновчтой эерэг байлгах үүднээс хэрэгжүүлж байгаа төслийг боловсруулж байсан нь энэ үйл явдлын хажууд байсан надад ихээхэн аз завшаантай сургамжтай байсан юм. НҮБ-ын сайн дурын байгууллагын хэрэгжүүлж байсан энэ хөтөлбөрийг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэгч дотоодын үндэсний байгууллагуудыг чиглүүлэн зөвлөх үйл ажиллагааг манай гэр бүлийн хүн удирдаж байсан нь бас надад томоохон завшаантай явдал байсан юм.

Даяаршин нэгдэх мөртлөө өөрийн гэсэн онцлогоо авч үлдэх том, жижиг улс үндэстнүүдэд байгаа эсрэг тэсрэг ч салшгүй зайлшгүй ийм үйл явц хүчтэй өрнөж байгаа цаг үед цөөхөн монголчууддаа тоо нэмж миний гэр бүлд шинээр мэндлэх хүүхдээ давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй хуультай Монгол улсын нийслэл Улаанбаатар хотдоо хүлээн авахаар 2010 онд Хятад улсын Бээжин хотоор дамжин ирсэн.

Ингээд миний хилийн чанадад олж авсан мэдлэг, харсан үзсэн зүйл маань эх орон Монгол улсынхаа хөгжилд бага боловч хувь нэмэртэй ажиллаж дэлхийгээр таран амьдарч байгаад эргэн ирж байгаа монголчуудаа болоод монгол эх оронд минь  ажиллаж сурч, амьдарч байгаа гадаад иргэдэд дасан зохицож аз жаргалтай итгэлтэй амьдархад нь туслах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлтгэгдсэн байлаа.

Гэхдээ хэрхэн яаж ажил хэрэг болгох гэдэг том асуудал байсан юм. Сэтгэл зүйн болон цаг хугацааны энэ тохиромжтой үед www.monkor.net цахим хуудсан дээр гарсан солонгост байсан монголчуудтай хамтран ажиллана гэсэн зарыг уншаад БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын монгол дахь төлөөлөгч Юү Мён Сү гуайтай уулзаж хамтран ажиллахаар болсон юм. Солонгост байсан монголчуудын уулзалтыг 2 удаа хамтран зохион байгуулсны дараа Монгол дахь төлөөлөгч Юү Мён Сү гуайн зөвлөснөөр эх орондоо ирэгсдийг дэмжих Дэм төвийг байгуулж Монгол улсын хууль дүрмийн дагуу бүртгүүлэн ашгийн бус олон нийтэд үйлчилдэг гишүүнчлэлгүй төрийн бус байгууллагаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн билээ.

БНСУ-д байсан нь монгол хүний амьдралын хэв, ажиллах дадал, нийгэмд эзлэх хувь хүний байр суурь нь муугаар нөлөөлөх бус харин ч тэдний олж мэдсэн, хуримтлуулсан туршлага, хөдөлмөрлөх чадамжыг зөвөөр ашиглах нь эх орондоо буцаж ирсэн монголчуудад маань ч хэрэгтэйтэй адил эх оронд маань ирж байгаа БНСУ-ын иргэдэд хамааралтай бөгөөд монгол улсын хувьд ч чухал ач холбогдолтой байгаа юм.

Шинэ газар ирсэн шилжин суурьшигч гадаадын иргэн ч эх орондоо эргэн ирж байгаа монгол хүнд ч гэсэн дасан зохицоход ажлын байр, хамт олон чухал гэдгийг бид судалгаа явуулснаар баттай мэдээд эхний ээлжинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан ажиллаж эхлээд байна.

Эх орондоо эргэн ирэгсдийн дунд ажил хөдөлмөр эрхлэх, ажилд орох тухай сургалтыг мэргэжлийн байгууллагуудад захиалан явуулахаас эхлээд Улаанбаатар Сөүл, Бүсан хотуудад болсон хөдөлмөрийн яармагт БНСУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, АНУ-ын Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Мянганы сорилтын сан” гийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг шинэчлэх төслийг сурталчилан оролцож нийтдээ 200 гаруй ажил хайгчийн анкетийг Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч нарт танилцуулсан.

Мөн БНСУ-д хөдөлмөрлөж байгаа гадаад иргэдэд зориулсан “Нутаг буцагсдын хөтөлбөр”т хэрхэн монголчуудыг хамруулан, үр ашигтай хамтын ажиллагаа болгох талаар мэдээлэл цуглуулан судалгаа дүгнэлт хийсэн.

Хилийн чанадад ажиллаж байгаа хүн цаг бол алтнаас ч үнэтэй  хэмээн бодож сэтгэн аль болох илүү цаг ажиллаж ахиухан мөнгөн хуримтлал бий болгох гээд ирээдүйн талаарх бодол нь өрөөсгөл байж зарим нэгэн зүйлсийг орхигдуулдаг тал байдаг.

Нутаг буцагсдын хөтөлбөрт хамруулан үр дүнг дээшлүүлэхийн тулд Монгол улсын НХХЯ-ны Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газрын сургалтын албанаас БНСУ-д ажиллаж байсан монголчуудын хөдөлмөрийн ур чадвар, чадамжыг Монгол улсад хүлээн зөвшөөрөх уян хатан арга зам, хууль эрх зүйн орчинг тодруулан БНСУ-ын Хүний нөөцийн газрын Монгол дахь суурин төлөөлөгч Юү Мён Сү гуайгаар уламжлан 2011 оны 1 сард багтаан Сөүлд хүргүүлсэн бөгөөд нутаг буцаж буй монголчуудад хэрэгтэй, Монгол улс, Солонгос улсын ашиг сонирхолд нийцтэйгээр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Нутаг буцагсдад зориулсан хөтөлбөрийн сургалтанд эх орондоо эргэн ирсэний дараа хамруулан сургаж баталгаажуулах нь гэрээний хугацаагаа дуусгах гэж буй хэнд ч тулгардаг хүнд асуудал болох Очоод яах вэ? Яах бол? гэдэг айдасгүйгээр эх орондоо эргэн ирэхэд нь дэм болно байхаа.

БНСУ-д ажиллаж байсан энэ хэдэн жил дуусаж эх орондоо эргэн ирснээр амьдрал хүнд болж идэвхтэй хөдөлмөр эрхлэх боломжгүй болж сайн сайхан аж төрөх амьдралын үе дуусах биш харин шинээр өөдрөг амьдарч ажиллах гарааны эхлэл болох нь манай хоёр орны засгийн газрын ч жирийн иргэдийн ч цаашдын хамтын ажиллагааны ашиг сонирхол нийцэх болов уу.

Эх оронд минь болохгүй бүтэхгүй зүйлс нилээд байгаа нь үнэн. Энэ бүгдийг шүүмжлэн суух биш харин бага ч болов БНСУ-д олж авсан мэдлэг туршлагатаа тулгуурлан олон нийтэд хүртээлтэй бодитой зүйл хийж бусдыг уриалан сайнаар өөрчлөхийн тулд ажлын байрыг өглөө бүр шинээр танилцуулдаг телевизийн шууд нэвтрүүлгийг эхлүүлсэн. Мэдээж нөгөө л бэрхшээлүүдийн нэг болохгүй бүтэхгүй чадахгүй гэдэг ойлголтоор миний санаачлан эхлүүлсэн “Ажил Сайн уу?” төсөл бидний санаж бодсон төлөвлөсний дагуу явагдахгүй байгаа ч долоо хоногийн гурван өдөр, гурван цаг алдаг оног олон нийтэд хүрч байгаа нь ололт юм. Хилийн чанадад таваас дээш жил байсан хүмүүст тохиолддог бэрхшээлүүд миний хийх ажилд улам илүү тооцоо,  судалгаа хэрэгтэйг шаардаж байгаа юм.

Дээрх гэх мэт хүндрэлээс болоод би шантарч зогсоогүй бөгөөд МҮОНТ, БНСУ-ын АҮХНГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран БНСУ-д ажиллаж байгаад нутаг буцах монголчуудыг МҮОНТ-ийн нэвтрүүлгээр эх орны өнцөг булан бүрт тэдний хөдөлмөрлөх ур чадвар, чадамжийг сурталчлан таниулж монгол дахь ажил олгогч нарт хүргэж улмаар БНСУ-д байхдаа Монголдоо ажилд орж болдог тогтолцооны эхлэлийг тавихаар ажиллаж байна. Энэ нэвтрүүлгийн үр дүнд олон зуун Монголчууд визний зөрчилтэйгээр БНСУ-д үлдэхгүйгээр эх орондоо хөдөлмөрлөж улмаар Солонгост байсан он жилүүд нь сайхан дурсамж, дотно улс орон, ард түмэн гэдгээрээ хоногшин үлдэх болов уу.

Монгол улс дахь БНСУ-ын ЭСЯ-нд МҮОНТ, БНСУ-ын АҮХНГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран БНСУ-аас Монгол улсдаа эргэн ирэх  монголчуудыг дэмжсэн “Нутаг  буцагсдын хөтөлбөр” –т дэмжсэн телевизийн цуврал нэвтрүүлэг хийх тухай албан бичигт гарын үсэг зурахын өмнөхөн БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жон Илтай уулзаад сууж байна.

Эрхэмсэг ноён Элчин сайд Жон Ил, МҮОНТ-ийн захирал хатагтай Ц.Оюундарь, эрх орондоо ирэгсдийг дэмжих “Дэм” төвийн төлөөлөл болох миний бие Монгол улс, Солонгосын засаг төрийн хамтын ажиллагаа гэхээсээ илүүтэй монгол, солонгос хүмүүс хоорондын харьцааны талаар ярилцаж байх энэ зуур эх орондоо ирэгсдийг дэмжих “ Дэм” төв төрийн бус байгууллагыг байгуулах болсон тухайгаа эргэн дурсан бодож байгаагаа ингээд өндөрлөе.

БНСУ-д гэрээгээр ажилласан 3 жил миний амьдрал, ажилд өөдрөг шинэ алхамуудыг хийх эхлэл байгаа нь өөр улс орны болон ялангуяа эх орон нэгт монголчуудад маань тустай үйл болно гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн 24 улсад амьдарч байгаа 40 гаруй монголчуудын болон монголчуудад элэгтэй солонгос хүмүүсийн сэтгэл зүрх, оюун ухаанаараа мэтгэлзэн уралдуулж, нэгтгэн байгуулсан “ Дэм” төвийн салбарыг БНСУ-д байгуулах гэж байгаа нь БНСУ-д амьдарч байгаа монголчуудын эх орондоо эргэн ирэх гэсэн хүслийг бодитой болгох сайхан ирээдүйгээ хурдан бүтээхэд дэм болно биз ээ.

“Дэм” төвийн хийхээр төлөвлөж буй бас нэгэн  томоохон төсөл болох Монгол дахь гадаадын ажилчдыг дэмжих байгууллага байгуулахад БНСУ-ын сайн санаат иргэд, байгууллага, хамт олны тусламж, тэдний туршлага зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ ажлыг Солонгос дахь гадаад ажилчдыг дэмжих төвөөр үйлчлүүлж байсан миний бие санаачлан эхлүүлж хэрэгжүүлэх үүрэг эрх мэт бодогдож байна.

Монгол дахь гадаад ажилчдыг дэмжих төвийн нээлтийн ёслол дээр солонгос дахь гадаад ажилчдыг дэмжих төвийн удирдлагуудтай уулзах тэр мөчид үргэлжлэлийг нь би бичих болно.

Бид хамтдаа чадна.

Эх орондоо ирэгсдийг дэмжих ДЭМ төвийн захирал Д. Мөнх-Эрдэнэ

2011 он   Улаанбаатар хот

 

 

 
You are here: Home Мэдээлэл Чухал мэдээлэл БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн газраас зарласан эссэ бичлэгийн уралдаанд шагналт байранд шалгарсан бүтээл

Сургааль

АМЬДРАЛ ГЭДЭГ БОЛ СААДГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ САРУУЛ ДАРДАН ЗАМ БИШ, ТӨӨРЧ САНДРАН ҮЕ ҮЕ ХАРАНХУЙ ХАНА МӨРГӨЖ, УЧРАА ОЛОХГҮЙ МУНГИНАН, ӨӨРТ ЗАЯАСАН ХАРГУЙГАА БЭДРЭН ХАЙХ ТҮМЭН СҮЛЖЭЭ БҮХИЙ ТӨӨРДӨГ БАЙШИН ЮМ.

А.Д. КРОНИН