1. ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ /ЭМҮШ/-НД ХАМРАГДАХ
СХТТШ өгч тэнцсэн иргэд ХТБ-ээс гаргасан хуваарийн дагуу ЭМҮШ-нд заавал хамрагдах шаардлагатай ба хаана, хэзээ ЭМҮШ-нд орох талаарх мэдээлэл хуваарийг www.hudulmur.mn вэб сайт болон ХТБ-ийн ГХЗА-ны зарлалын самбараас харна.
Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдахад шаардагдах бичиг баримт:
- Гадаад пасдорт, иргэний үнэмлэх
- СХТТШ-ын бүртгэлийн шар тасалбар
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
- ЭМҮШ-ний төлбөрийг тухайн эмнэлэгт тушаана.
- 3,5х4,5 см хэмжээтэй цээж зураг /1 хувь/
ЭМҮШ-нд давтан хамрагдах шаардлагатай иргэд www.hudulmur.mn вэб сайтаас нэрээ харж тогтсон хуваарийн дагуу үзлэг, шинжилгээнд хамрагдана. ЭМҮШ-нд хамрагдсан иргэд 7 хоногийн дараа Хөдөлмөрийн төв бирж дээр ирж тэнцсэн эсэх хариу авна. ЭМҮШ-нд хамрагдаж тэнцсэн иргэд ХТБ дээр өөрийн биеэр ирж Солонгосын хөдөлмөрийн бирж дээр нэр байршуулах бүртгэл хийлгэнэ.
ЭМҮШ-нд тэнцэхгүй тохиолдолд БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байрших боломжгүй болохыг анхаарна уу.
2. БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ ДЭЭР АЖИЛ ХАЙГЧААР БАЙРШУУЛАХ БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ
ЭМҮШ-нд тэнцсэн иргэд ХТБ дээр ирж солонгосын хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт:
- Бүртгэлийн анкет ХТБ-ээс олгоно
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт /1 хувь/
- Гадаад паспорт, хуулбарын хамт, сунгалт 2014 оноос дээш байх /1 хувь/
- 3,5х4,5 см хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 6 сард авахуулсан, фотошоп зэрэг программ ашиглан засвар хийлгээгүй байх шаардлагатай/
- Бүртгэлийн хураамж төлсөн баримт
- Солонгосын хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдэд ХТБ-ээс бүртгэлийн хуудас олгоно.
БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байршуулах бүртгэл хийлгэсэн иргэдийн материалыг ХТБ-ийн ГХЗА-аас БНСУ-ын хүлээн авагч байгууллагад илгээх ба Солонгосын тал шалгаж өөрийн хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байршуулна. Байршсан иргэдийн мэдээллийг ХТБ-ийн www.hudulmur.mn вэб сайтаар мэдээлнэ. Солонгосын хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байрших нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүйг анхаарна уу.
3. АЖЛЫН САНАЛ БУЮУ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ ИРЭХ
Солонгосын ажил олгогч эзэд гадаад ажилтан авах хүсэлт гаргаснаар солонгосын хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршсан ажил хайгчдаас сонгогдсон иргэнд ажлын санал буюу хөдөлмөрийн стандарт гэрээ явуулна. Ажлын санал ирсэн тухай мэдээллийг ХТБ-ийн ГХЗА-аас тухайн иргэнд утсаар болон www.hudulmur.mn вэб сайтаар мэдээлнэ. Солонгосын ажил олгогчоос ажлын санал хүлээн авсан иргэн 14 хоногийн дотор бүртгэлийн хуудас, шар тасалбар, гадаад паспортын хамт ХТБ дээр ирж хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцаж зөвшөөрсөн болон татгалзсан хариу өгнө. Та ажлын саналаас 1 удаа татгалзах эрхтэй бөгөөд гэрээний нөхцөл таалагдаагүйн улмаас татгалзсан тохиолдолд хөдөлмөрийн биржэд нэр тань үлдэж, дараагийн ажлын санал ирэхийг хүлээнэ. Бусад шалтгаанаар татгалзвал бирж дээр нэр байрших эрх 1 жилээр хойшлогдох бөгөөд жилийн дараа өөрөө ирж байрших эрхээ сэргээнэ.
Ажлын санал ирсэн өдрөөс 14 хоногийн дотор хариугаа өгөөгүй тохиолдолд ажлын саналаас татгалзсанд тооцож, хөдөлмөрийн биржээс нэрийг тань хасах болохыг анхаарна уу. Ажлын санал ирэхгүй 1 жил өнгөрсөн тохиолдолд ХТБ дээр ирж дахин 1 жилийн сунгалт хийлгэх шаардлагатай.
4. ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХҮЛЭЭХ, ЯВАХЫН ӨМНӨХ АЛБАН ЁСНЫ СУРГАЛТАНД ХАМРАГДАХ
Ажлын санал хүлээн авч гэрээг зөвшөөрсөн тохиолдолд БНСУ-ын Хууль зүйн яамнаас визний зөвшөөрөл ирэхийг хүлээнэ. Хөдөлмөрийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурснаас хойш 14-90 хоногийн дотор визийн зөвшөөрөл олгогдсон болон татгалзсан хариу БНСУ-ын Хууль зүйн яамнаас ирэх ба мэдээллийг ХТБ-ийн ГХЗА-аас тухайн иргэнд утсаар болон www.hudulmur.mn вэб сайтаар мэдээлнэ. Визний зөвшөөрөл хүлээж байх хугацаанд явахын өмнөх албан ёсны сургалтанд хамрагдах шаардлагатай ба ХТБ-тэй гэрээтэй ажилладаг сургалтын төвөөс тухайн иргэнийг утсаар дуудаж сургалтанд хамруулна.
Визний зөвшөөрөл татгалзсан тохиолдолд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжгүй болохыг анхаарна уу.
5. СОЛОНГОСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС ВИЗНИЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГДОХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАВТАН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ
Визний зөвшөөрөл олгогдсон иргэдийг ЭМ-ийн давтан үзлэг шинжилгээнд хамрагдахыг ХТБ-ээс тухайн иргэнд утсаар мэдэгдэнэ. Давтан үзлэг шинжилгээнд ХТБ-ээс мэдэгдсэн цаг хугацаанаас хоцролгүй орох шаардлагатай. Давтан шинжилгээнд орохдоо гадаад паспорт, иргэний үнэмлэх, СХТТШ-ын бүртгэлийн хуудас, 1 хувь цээж зурагтай очно. Давтан үзлэгт орсон иргэд 2 хоногийн дараа ХТБ-ийн ГХЗА-нд ирж хариугаа шалгуулна.
Эрүүл мэндийн 2 дахь үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хоцорсон болон тэнцээгүй иргэд солонгос улсруу хөдөлмөрийн гэрээгээр явах боломжгүй болох бөгөөд хөдөлмөрийн биржээс нэр нь хасагдана.
6. БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ВИЗ МЭДҮҮЛЭХ, БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХААР ЯВАХ
Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэд БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд шаардагдах дараахь бичиг баримтыг ХТБ-д бүрдүүлж өгнө.
- Гадаад паспорт, хуулбарын хамт /5 хувь/
- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт /2 хувь/ шаардлагатай үед холбоо барих ойр дотны хүний овог нэрийг англиар галиглаж бичих, регистрийн дугаар, утасны дугаар бичих, өөрийн мэйл хаягыг бичих/
- Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт /орчуулагын товчоогоор орчуулах/
- 3,5х4,5 хэмжээтэй цээж зураг /1 хувь/
- Визийн хураамж тушаасан 50 ам.долларын баримт / хаан банк /
Визний мэдүүлэг өгөхөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгсөний дараа ХТБ-ээс өгсөн мэдээлэл зөвлөмжийн дагуу тушаах ёстой төлбөрүүдийг тушааж явах өдрийн товыг хүлээнэ. Явах өдрийн тов ирсэнийг ХТБ-ээс тухайн иргэнд утсаар болон www.hudulmur.mnвэб сайтаар мэдэгдэж, онгоцны тийзний үнийг мэдээлнэ. Явах өдрийн тов ирсэн иргэн төлбөр төлсөн баримтуудыг ХТБ-ээс зарласан хугацаанд авчирч өгөх ба мэдээлэл, зөвлөмж, анхааруулга хүргэх хуралд сууна. Солонгос улсад очсоны дараа дахин ЭМҮШ болон СХТТШ авах тул сайн бэлтгэл хангасан байх шаардлагатай. Явах өдөр ХТБ-ээс зарласан хугацаанд нисэх онгоцны буудалд очиж, ХТБ-ээс гаргаж өгч байгаа болон хүргэж өгөх ажилтны заавар зөвлөмжийн дагуу БНСУ-руу зорчино. Танд амжилт хүсье.